Пробиотикоор баялаг хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнүүд эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүсийн дунд түгээмэл болсоор байна. Пробиотик нь хүний хоол боловсруулах системд эерэг нөлөө үзүүлж болох ч хэт их хэрэглээ нь хүссэн үр дүнд хүргэхгүй байж болох юм. Пробиотикийн хэрэглээ хэтэрч болох эсэх, түүний эрсдэл болон сөрөг нөлөөг танилцуулж байна.
Пробиотик гэж юу вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь пробиотикийг эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг бичил биетэн агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байдаг. Эдгээр амьд бичил биетэн нь таны хоол боловсруулах системд ашиг тустай байж болох ба гэдэсний бичил биетний тэнцвэрийг дэмждэг байна.
Эдгээр сайн бичил биетэн нь бактери, мөөгөнцөр эсвэл хоёулангийнх нь хослол байж болно. Лактобактери, Бифидобактери гэх мэт омгууд нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг ч өөр олон төрлүүд бий.
Олон судалгаа пробиотикийн үр дүнг судалсан боловч тэдний үйлчлэлийн механизм нь одоог хүртэл бүрэн тодорхой бус бөгөөд бичил биетний төрлөөс хамаарч өөр өөр байдаг байна.
Пробиотикийг хоол хүнснээс эсвэл нэмэлт бүтээгдэхүүнээс авах боломжтой. Пробиотикоор баялаг хүнсэнд тараг, кефир, давсалсан ногоо, кимчи, мисо шөл зэрэг исгэсэн хүнс ордог. Нэмэлт бүтээгдэхүүн нь ихэвчлэн шингэн хэлбэрээр байдаг ч капсул, шахмал, нунтаг хэлбэрээр ч байдаг.
Пробиотикийн хэрэглээ хэтрэх боломжтой юу?
Тийм, гэхдээ хэт их гэдэг нь тухайн хүний эрүүл мэндийн байдал, сонгож хэрэглэсэн бактерийн омог болон тунгаас хамаарч өөр өөр байдаг. Пробиотик хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна.
Хэт их пробиотик хэрэглэснийг илтгэх шинж тэмдгүүд
Пробиотик нь хоол боловсруулах системд ашиг тустай нөлөө үзүүлж болох ч хэт их хэрэглэх нь тодорхой сөрөг нөлөө үзүүлж ч болдог байна. Үүнд:
Хоол боловсруулах эрхтний асуудал: Пробиотик нь цочмог гэдэсний хам шинж эсвэл антибиотиктой холбоотой суулгалт гэх мэт хоол боловсруулах эрхтний асуудлуудыг арилгахад ашигтай байж болох ч хэт их хэрэглэх нь гэдэс дүүрэх, хий үүсэх, ходоодны таагүй байдал үүсгэж болно.
Толгой өвдөх: Зарим бактерийн омгууд гистамин гэж нэрлэгддэг нэгдэл үүсгэдэг бөгөөд энэ нь цусны судсуудыг өргөсгөж, биед үрэвслийн хариу үйлдэл үүсгэж толгой өвдөхөд хүргэж болзошгүй.
Харшил: Пробиотик нь өндөг, сүү зэрэг харшил үүсгэж болох бодисоор бохирдсон байж болно. Тиймээс пробиотикийг найдвартай эх сурвалжаас авч хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж:
Nature Reviews Gastroenterology & Hepatology. The interaction association for probiotics and prebiotics consensus statement on the scope and appropriate use of the term probiotic.
Nature Medicine. The pros, cons, and many unknowns of probiotics.
Clinical Gastroenterology and Hepatology. Prebiotics and probiotics in digestive health.
Нийт харилцан яриа