Шамбарам нь шулуун гэдэсний төгсгөл ба хошногоны сувгийн гадна, дотор талд хавдаж цүлхийсэн венийн судасны бөөгнөрөл юм. Шулуун гэдэсний дотор байрлалтайг нь дотор шамбарам, хошногоны үзүүрийн арьсан доор байрлалтайг нь гадна шамбарам гэж ангилдаг. Шамбарам нь нас, хүйс, үндэстний онцлогоос үл хамаарч бүх хүмүүст тохиолдох боломжтой ч нас ахих тусам шамбармаар өвчлөх магадлал ихэсдэг байна. Судалгаагаар 50-иас дээш настай дэлхийн хүн амын тал хувьд нь ямар нэг шамбармын шинж тэмдэг илэрсэн байдаг ажээ.
Эрсдэлт бүлэг
Өсвөр насныхнаас эхлээд хэн ч шамбармаар өвчлөх боломжтой. Гэхдээ шамбарам нь шинж тэмдэг илрэх хүртлээ даамжрахад тодорхой хугацаа шаарддаг тул өсвөр насны хүүхдүүдэд тохиолдох нь тийм ч нийтлэг биш. Хэрэв та доорх ангилалд багтаж байвал шамбарам тусах эрсдэлтэй бүлэгт багтана. Үүнд:
- Илүүдэл жинтэй
- Жирэмсэн
- Хүнсний эслэг багатай хоол хүнс хэрэглэдэг
- Архаг өтгөн хаталт эсвэл суулгалттай
- Суултуур дээр удаан хугацааг өнгөрүүлдэг
- Тогтмол хүнд зүйлс өргөдөг
- Өтгөнөө гадагшлуулахдаа хүчтэй дүлдэг
Ангилал
Шамбарам нь шулуун гэдэсний гадна болон дотор бий болдог.
- Гадна шамбарам: Хошногоны үзүүрийн арьсан доогуур венийн судас өргөсөж хавдахыг хэлнэ. Гадна шамбарам нь загатнаатай, өвдөлттэй байх нь элбэг ба цөөн тохиолдолд цус гардаг. Энэ үед заримдаа шамбарам цусаар дүүрч нөжирдөг. Хэдийгээр ингэх нь аюулгүй ч тун зовуурьтай байдаг.
- Дотор шамбарам: Шулуун гэдэсний дотор венийн судас өргөсөж хавдахыг хэлнэ. Дотор шамбармаас үүдэн цус гарах нь бий ч ихэвчлэн зовуурьгүй байдаг.
- Завсрын болон хавсарсан: Шамбарам шулуун гэдэсний дотор болон хошногоны үзүүрийн арьсан доор аль алинд нь бий болох буюу дотор, гадна шамбарамараа зэрэг өвчлөхийг хэлнэ.
Шалтгаан
Шулуун гэдэсний төгсгөл болон хошногоны амсар дээр ирж буй ачаалал нь шамбарам үүсгэх үндсэн шалтгаан юм. Таны биеийн бэлхүүс, бэлхүүснээс доош хэсэгт ирэх даралтыг нэмэгдүүлж буй бүхий л ачаалал венийн судсыг үрэвсүүлж шамбарам үүсгэх боломжтой. Үүнд:
- Биеийн жин нэмэгдсэнээр аарцагт ирэх ачаалал нэмэгдэх
- Өтгөн хаталтын улмаас хүндрэхдээ байнга хүчтэй дүлэх
- Байнга хүнд зүйл өргөх
- Тогтмол, удаан хугацаагаар суух
Шинж тэмдэг
Дотор шамбарам нь гадна шамбарамтай хавсраагүй тохиолдолд зовуурьгүй, ямар ч шинж тэмдэггүй байх нь элбэг. Иймээс олон хүн өөрсдийгөө өвчилсөн гэдгээ мэдэлгүй урт хугацаанд явдаг.
Дотор шамбармын үндсэн шинж тэмдэг нь ариун цэврийн цаасан дээр, суултуур дотор болон ялгадастай хамт цус харагдах явдал ба энэ нь шулуун гэдэснээс цус алдаж байгаагийн илрэл юм.
Гадна шамбармын шинж тэмдэг:
- Хошногоны үзүүр хэсгээр загатнах
- Хошногоны үзүүр дээр хөндүүртэй, зөөлөн цүлхэн гарч ирэх
- Суух үед хошногоны үзүүр хэсэг хорсох, хөндүүрлэх
- Шулуун гэдэснээс цус алдах
.jpg)
Ижил шинж тэмдэгтэй бусад өвчнүүд
Хоол боловсруулах замын бусад өвчнүүд ч мөн шулуун гэдэснээс цус алдах болон бусад шамбарамтай төстэй шинж тэмдгээр илэрдэг. Эдгээрийн зарим нь амь насанд аюул учруулахуйц эрсдэлтэй тул шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хандаж оношлуулах шаардлагатай.
Бүдүүн гэдэснээс цус алдах шинж тэмдгээр илэрч болох өвчнүүдээс дурвал:
- Бүдүүн гэдэсний хорт хавдар
- Шархлаат колит
- Кроны өвчин
Хүндрэл
Шамбарам нь дараах хүндрэлүүдийн суурь болох магадлалтай. Үүнд:
- Толгой эргэх: Тогтмол баг хэмжээгээр цус алдах нь толгой эргэхэд хүргэж, улмаар тамир тэнхээ алдахад хүргэдэг.
- Хавчигдсан шамбарам: Хэрэв дотоод шамбармын зангилаа цусны эргэлтийг боогдуулвал амь насанд эрсдэлтэй.
- Цус багадах, ажлын чадваргүй болох зэрэг хүндрэлүүд ч үүсдэг.
Урьдчилан сэргийлэх
- Өтгөн хаталтаас сэргийлж хоол хүнсэндээ анхаарах: Жимс, ногоо, бүхэл үрийн бүтээгдхүүнүүдийг тогтмол хэрэглэх
- Хангалттай ус уух: Өдөрт 2-3 литр ус тогтмол ууж хэвших
- Бие засах үедээ хэт хүчтэй дүлэхгүй байх
- Бие засах мэдрэмж төрсөн үедээ хойшлуулалгүйгээр хүндэрч байх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших
- Суултуур дээр удаан суухгүй байх нь шамбарам өвчнөөс урьдчилан урьдчилан сэргийлж чадна.
Оношилгоо
- Дотуур үзлэг: Энэхүү үзлэгээр бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмч бээлий өмсөж, хуруугаа хошногоны сүв рүү оруулан хавдаж, цүлхийсэн венийн судас байгаа эсэхийг шалгана.
- Анаскопи ба ректоманоскопи: Шулуун гэдэсний дотор байрлалтай үрэвсэл нь дотуур үзлэгээр илрэхгүй тул дуран, багаж ашиглаж харна.
Эмчилгээ
Шамбармын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Эмчийн зөвлөсний дагуу эмийн эмчилгээ хийж, дэглэм сахиснаар гэрийн нөхцөлд шамбармыг эмчлэх боломжтой. Энэ тохиолдолд эмч танд тосон түрхлэг, лаа, хөөсөн саван хэрэглэхийг зөвлөнө. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь загатнааг багасгаж, үрэвслийг дарж, өвчин намдаах үйлчилгээтэй. Өвчний үе шат хүндэрсэн тохиолдолд мэс ажилбар, мэс заслын аргаар эмчилдэг.
- Резинен боолтоор боох: Шамбармын зангилааг резинен боолтоор боосноор шамбармын зангилааны цусан хангамж боогдон хатангиршиж унадаг.
- Судас хатаах тариа: Хавдаж цүлхийсэн венийн судсанд тариа тарьж шамбармын эдийг устгадаг.
- Электрокоагуляци, лазер эмчилгээ: Хавдаж, үрэвссэн венийн судасны цусан хангамжийг цахилгаан гүйдэл болон лазерын тусламжтайгаар тасалж хатангиршуулдаг.
- Шамбармын зангилааг авах – Үрэсвэж, цүлхийсэн венийн судасны бөөгнөрлийг тайрч авдаг.
Нийт харилцан яриа